Сүхбаатар аймгийн МӨНХХААН сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Нийт 35 сая төгрөгийн шагналын сантай энэ барилдаанд гурван залуу аварга зодоглох нь. Түрүү бөх таван сая, үзүүр бөхийг гурван сая төгрөгөөр урамшуулах юм. Лав даян аваргатай барилдаан.
2023 он гарсаар гурван барилдаанд үзүүрлээд буй даян аварга Н.Батсуурь маргааш индэрт түрүүлж гарахын төлөө хичээх байх. Зүүний магнай Н.Батсуурь өнгөрсөн зун Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн барилдаанд түрүүлсэн юм, харин маргааш сумынх нь ойд яах бол.
Тэгвэл барууны магнайд П.Бүрэнтөгс аварга барилдана. Өндөр аварга 2023 он гарсаар нэг түрүүлж, нэг удаа их шөвөгт шалгарсан амжилттай байгаа бол отгон аварга О.Хангай ч маргааш хүч үзэхээр бүртгүүлжээ. Тэр 2023 он гарсаар нэг барилдаанд түрүүлж, дөрвөн барилдаанд их шөвөгт шалгарсан байна.
Мөнххаан сум эртнээс иртэй, хүчтэй бөхчүүдээрээ аймагтаа байтугай улсдаа зартай нутаг. Халх даяар алдаршсан даншигийн алдар аварга Ц.Буянтогтох Мөнххаан сумынх. Түүний зээ МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав ч энэ нутгийнх. Алдарт аваргынхаа нутгийн ойд хүндэтгэл үзүүлэхээр гурван аварга ямартаа ч барилдах нь. Бөхийн бүртгэл хараахан дуусаагүй бөгөөд эргэн мэдээлэх болно.
Даян аварга Н.Батсуурь: Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн
Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүрлэсэн
Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан, Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаан үзүүрлэсэн
Улсын аварга П.Бүрэнтөгс: Наурызын баярт зориулсан барилдаан түрүүлсэн
Улсын аварга О.Хангай: Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн.
А.Сүх
Сэтгэгдэл (3)