Манай улсад эрчимтэй хөгжиж буй спортын төрөл бол сагсан бөмбөгийн 3х3. Энэ төрлөөр монголчууд олимпын наадамд багаа илгээж, саяхан тивдээ түрүүлсэн. Тэгвэл Нийслэлийн ЗДТГ-аас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тэмцээн зохиохоор болжээ. “Улаанбаатар цом”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн энэ сарын 22-ноос амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Шигшээ тоглолт ирэх сарын 21-нд болох юм. Түрүүлсэн баг долдугаар сард Макаод болох тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авна.