Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга асан Намсрайн Батлавын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-24-нд болно. Тэмцээн Дархан-Уул аймгийн Спорт цогцолборт болох бөгөөд эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 25, холимог багийн найм дахь удаагийн өрсөлдөөн юм.
Нэрэмжит барилдааны эзэн Н.Батлав нь Ховд аймгийн Манхан сумын уугуул, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон тамирчин юм.
Мөн үндэсний аймгийн заан цолтой, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч бөгөөд нэгэн үед УАШТ-ий арван жингийн 30 медалийн 24-ийг нь Н.Батлав багшийн шавь нар авч байсан түүхтэй. Дашрамд дурдахад түүний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж байсан олон цуутай бөхчүүдээс онцолж хэлбэл олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар билээ.