Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам энэ оны наймдугаар сарын 16-23-ны өдөр болох билээ. Энэ нэр хүндтэй тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулах бөгөөд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тус наадмын багийн анхлагч нар өнөөдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явцтай танилцжээ.
Спортын барилга байгууламж, бүртгэл, зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал зэргээр мэдээлэл солилцсон байна. Гэхдээ манай улс Зүүн Азийн наадамд оролцогчдыг хүлээн авах хэмжээнд бэлтгэл ажлаа хангасан уу гэдэг нь эргэлзээтэй. Мэдээлэл тун дутмаг байна.
Наад зах нь барилга байгууламж бол хамгийн тулгамдсан асуудал. Спортын 11 төрлөөр олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт манайд хэд билээ. Тоо гаргахад хэцүү биш. Ер нь Зүүн Азийн наадмын зохион байгуулагч нар энэ тал дээр ямар дорвитой ажил хийснээ нэг тайлагнах биз ээ. Монголд маань болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явц хэр төвшинд хангагдаж байгааг мэдэх хүн хэд билээ дээ.