Үндэсний АЛТАН ЦОМ-ын төлөөх барилдааны дөрөв, тав, зургадугаар шатны барилдаан энэ сарын 03-14-нд болж өндөрлөсөн. Шилдэг найман багийн хооронд тойргийн барилдаанууд болж, одоогийн байдлаар Булган, Архангай аймгийн багууд хүснэгтийг хошуучилж байгаа бол Өвөрхангай аймгийн баг гуравдугаар байрт бичигдэж буй. Хамгийн сүүлийн долдугаар тойргийн барилдаанууд ирэх зургадугаар сард эхэлнэ. Тэгвэл бид та бүхэнд зургаан тойргийн дараах байдлаар хамгийн олон, хурдан давсан зэрэг онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хамгийн олон даваа авсан бөх - Улсын начин Д.Хүдэрбулга
Төв аймгийн багийн гишүүн Улсын начин Д.Хүдэрбулга шигшээ барилдаан эхэлснээс хойш хамгийн олон даваа авсан амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр зургадугаар тойрогт Булган аймгийн багийн эсрэг уналгүй тав давсан. Энэ нь түүний 34 даваатайгаар хамгийн олон давсан бөхийн жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн гэж хэлж болно. Түүний араас Улсын харцага Ц.Бямба-Отгон, Улсын начин Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар тус бүр 30 даваатай удаалж байна.
Хамгийн хурдан давсан бөх - Улсын начин Э.Батмагнай
Зургадугаар тойргийн сүүлээсээ хоёр дахь барилдаанд Баянхонгор аймгийн баг Өвөрхангай аймгийн баг 16:9 харьцаатай ялагдсан. Өвөрхангай аймгийн багийн уг ялалт тэднийг жагсаалтын гуравдугаар байрт бататгасан гэж хэлж болно. Хэдийгээр ялагдсан ч хонгор нутгийн залуу начин АЛТАН ЦОМ-ын түүхэнд шинэ, давтагдахааргүй амжилт үзүүллээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн арслан Т.Довчинсэмбээтэй өрж эхлэнгүүтээ давхар хамах мэхээр даваа авснаар НЭГ секундэд ялсан амжилтыг үзүүллээ. Түүний араас Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар ДӨРВӨН секундэд даваа авсан амжилтаараа бичигдэж байна. Эсрэгээрээ аймгийн арслан Т.Довчинсэмбээ хамгийн хурдан унасан бөх болов.
Хамгийн хөгжилтэй барилдаан - Улсын Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдавга
Зургадугаар тойргийн хамгийн сүүлийн учраа Увс аймгийн баг, Архангай аймгийн багийн хооронд байв. Уг барилдаанд сайн найзууд болох Улсын Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдавга оноолт таарч, Н.Батсуурь аварга давхар шуудагны барьцнаас түрж хөөх мэхээр давсан. Давсныхаа дараа тэрбээр арслан Р.Пүрэвдавгийн дэвээг дуурайсан нь олны инээдийг төрүүлсэн.
Хамгийн өрсөлдөөнтэй барилдаан - Баян-Өлгий аймгийн эсрэг Баянхонгор аймаг
Тавдугаар тойрогт учраа таарсан Баян-Өлгий, Баянхонгор аймгийн багуудын өрсөлдөөн эн тэнцүү болж өнгөрсөн. Тавдугаар үеийн шийдвэрлэх минутад багийн ахлагчид болох Улсын харцага Н.Золбоо, начин Н.Мустафа нар учраа таарсан. Шийдвэрлэх энэ мөчид хоёр багийн даваа 12:12 харьцаатай тэнцэж, хоёр бөхийн хэн давсан нь багтаа ялалт авах чухал барилдаан байв. Улмаар Улсын начин Н.Мустафа эцсийн мөчид дархан баруун ташаагаараа тохох мэхээр давж, ялалтыг авсан юм.
Хамгийн олон даваа авсан аймаг - Архангай аймаг
АЛТАН ЦОМ-ын төлөөх өрсөлдөөний сүүлийн шатанд нэгдүгээр байрын төлө өрсөлдөх Архангай, Булган аймгийн багууд адил зургаан ялалттай байна. Гэвч Архангай аймгийн баг шигшээ барилдаан эхэлснээс хойш 93 давааг түүж, нэгдүгээр байрт бичигдэж байгаа бол Булган аймгийн баг 92 даваатай хоёрдугаар байрт бичигдэж байна.
Хамгийн цөөхөн даваа авсан аймаг - Баян-Өлгий
Онооны хүснэгтийн хамгийн сүүлийн байрт 8 оноотой, Баян-Өлгий, Төв, Баянхонгор аймгууд бичигдэж байна. Тэднээс хамгийн бага даваа авсан аймаг бол Баян-Өлгий. Тийм дээ хүснэгтийн хамгийн сүүлийн байрт жагсаж байгаа гэж хэлж болно. Тэдний нийт даваа 57 юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)