Ховд аймагт шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх сарын 19-31-нд болох тов гарлаа. Олон ястны өлгий нутгийн иргэд Монголын шилдэг шатарчдын "уулгүй талын цусгүй тулаан"-ыг дэргэдээс нь үзэж болох нь. Эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тус тэмцээний зохион байгуулах хорооны даргаар тус аймгийн Засаг дарга Э.Болормааг сонгосон бөгөөд түүний ивээл дор зохион байгуулах юм. Монголын шатрын холбоо УАШТ-ээ орон нутагт зохион байгуулах бодлого гарган ажиллаж байгаа ба өнгөрсөн жилийн тус тэмцээн Хэнтий аймагт болж байв.