Орхон аймагт Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 17 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. “Хангарьд” паласт болсон тус тэмцээнд 29 багийн 200 орчим тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд өрсөлдсөн бөгөөд энэ тэмцээн ирэх сард Өмнөд Африкт болох хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил болов.
Тэмцээнд оролцогчдоос хамгийн залуу нь 14 настай бол ахмад нь дэлхийн гурван удаагийн аварга, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт 72 настай Д.Намхайдорж байлаа. Пауэрлифтингийн УАШТ орон нутагт анх удаа болж байгаа ба Орхоны бизнес эрхлэгчдийг дэмжсэн чухал арга хэмжээ болохыг нутгийн иргэд хэлж байна.
Мөн улсын чанартай тэмцээн уралдааныг орон нутагт зохион байгуулсан нь хүүхэд, залууст энэ спортыг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой болохыг холбооны зүгээс цохон тэмдэглэв. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо түүхт 20 жилийнхээ ойн хүрээнд олон талт ажил зохион байгуулж буйн нэг нь энэ.
Тэмцээний үеэр олон шинэ дээд амжилт шинэчлэгдэн гарсан нь тамирчдын ур чадвар жилээс жилд ахиж байгааг илтгэж байна. Энэ жилийн пауэрлифтингийн ахмадын багийн дүнгээр “Стронг” клуб тэрүүлсэн бол өсвөрийн ангилалд тэмцээн зохион байгуулагч Орхон аймаг, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд “Стронг” клубын баг тамирчид түрүүллээ.
Тэмцээний үеэр олон шинэ дээд амжилт шинэчлэгдсэн бөгөөд охидын 52 кг-ын жингийн суултын төрөлд Б.Орхон (185 кг), таталтын төрөлд н.Энхжил (137.5 кг), эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн суултын төрөлд Б.Марал 242.5 кг-ыг өргөсөн бол эрэгтэйчүүдийн 83 кг-ын жингийн суултын төрөлд Б.Дүвжид (341 кг), 59 кг-д Э.Нанзад суултын төрөлд 222.5 кг, таталтын төрөлд 240 кг-ыг өргөснөөр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.