Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны гурав дахь өдрийн орой Архангай, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-ээр зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авлаа.
Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /4/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 14 даваа авсан бол Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /2/, улсын аварга П.Бүрэнтөгс /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин О.Түмэн /4/, улсын харцага Т.Баасанхүү /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн заан Т.Батсүрэн /1/ нийт 11 даваа авсан юм.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллав.
Алтан цомын төлөөх шигшээ барилдаан ийнхүү өндөрлөж, найман багаас нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдаж, ялсан баг нь хамгийн өндөр шагналын сантай “АЛТАН ЦОМ”-ын эзнээр тодрох юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагийн 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, сумынхаа баяр наадамд 13 удаа түрүүлсэн манлай сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхийн тоог хязгаарлахгүй. Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО