Цаг хугацаа амархан юм даа. Саяхан мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлаад даруй зургаан жил өнгөрсөн байх юм. Уран дайчин барилдаанаараа тэр монголчуудыг төдийгүй японы ард түмнийг цэнгүүлсэн явсан их бөх.
Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй бөгөөд их аварга Д.Бямбадорж 39 нас хүрлээ. Тэр 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд улсын заан Р.Даваанямын отгон хүү болон мэндэлжээ.
Бөхийн гал тогоонд түүний бага нас өнгөрсөн туучин өнгөрсөн болохоор бөх болох нь гарцаагүй байсан. Төрсөн ах нь улсын начин Д.Лхагвадорж бол үеэл нь гарьд Н.Ганбаатар юм. Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь, Монголын гурав дахь ёкозүна. Анх Ама нэрээр барилдаж байсныг бөх сонирхогчид андахгүй.
Хакүхо аваргатай түрүү булаалдан давсан нь түүний мэргэжлийн сүмогийн дээд зиндааны анхны цом өргөсөн тэмцээн байв. Сүмод орсноос хойш замналдаа нийт 827 ялалт, 444 ялагдал авахдаа гарамгай барилдааны шагнал дөрөв, дайчин барилдааны шагнал нэг, уран барилдааны шагнал тав, кинбоши нэг авч байжээ.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд нийт есөн удаа түрүүлсэн бөгөөд 2009 оны наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн юм. Одоо тэрбээр нутгийн бөхчүүдээ дэмжин “Хантайшир” дэвжээг тэргүүлэн ажиллаж байна.