“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны зургадугаар тойргийн өрсөлдөөн өнөөдөр өндөрлөнө. Дөрвөн аймгийн баг барилдах хуваарьтай бөгөөд бөхийн өлгий Увс-Архангай аймгийн барилдаан олны анхаарлыг ихэд татаж байна. Харах юмтай, хариад ярих юмтай гэдэг шиг. Улсын баяр наадамд хамгийн олон түрүүтэй, бас таван аварга төрөн гарсан гээд амжилтуудыг нь дурдвал мундахгүй, эн тэнцүү амжилттай хүчтний нутаг билээ.
Магадгүй “Алтан цом”-ын хамгийн сонирхолтой, хамгийн хүлээлт үүсгэсэн барилдаан юм. Дээрх аймгийн бөхчүүд хэзээнээсээ хоорондоо хурц, дайчин барилдаан үзүүлсэээр ирсэн. Хэн хэндээ найр тавьж барилддаггүйг бүгд мэднэ. Тус аймгийн бөхчүүд Улсын баяр наадмын түрүү булаалдах даваанд ч олон таарсан.
Саяханы жишээ дурдая. Дархан аварга Г.Өсөхбаяр-гарьд Б.Гантогтох, дархан аварга Г.Өсөхбаяр-арслан Б.Ганбат, даян аварга Н.Батсуурь-аварга Ч.Санжаадамба нарын финалыг санаж байгаа биз ээ. Увс-Архангай аймгийн бөхчүүдгүй барилдаан бол давсгүй хоол шиг. Хоорондоо таарах нь бүр амттай. Увс аймгийн баг ялах зайлшгүй шаардлагатай бөгөөд өмнөх тойрогт Булган, Өвөрхангай аймгийн багт ялагдаж, амжилт нь буурч байгаа.
Харин Архангай аймгийн баг тэргүүлэгчийн эгнээнд үлдэхийн тулд Увс аймгийн багийг ялахаас өөр сонголтгүй. Өнөөдөр бөхийн өргөөг зорин ирэх үзэгчид ямар уур амьсгалтай угтахыг харна буй заа. Бөхчүүдээсээ гадна үзэгчдийн хувь барилдахаас дутуугүй юм болно. Өнөөдөр хөлбөмбөгөөр төсөөлбөл ДАШТ-ээр Герман, Бразилын баг хоорондоо өрсөлдөх гэж байна, таминь ээ.
Увс аймгийн багт:
Даян аварга Н.Батсуурь
Улсын аварга П.Бүрэнтөгс
Улсын гарьд Ө.Бат-Орших
Улсын харцага Ц.Мөнхбаяр
Улсын харцага Т.Баасанхүү
Архангай аймгийн багт:
Улсын арслан Р.Пүрэвдагва
Улсын гарьд М.Бадарч
Улсын харцага Б.Зоригтбаатар
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
Аймгийн хурц арслан С.Сүхбат
Сэтгэгдэл (7)