“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны зургадугаар тойрог ид дундаа ороход Булган аймгийн бөхчүүд Төв аймгийн багийг 15:10-аар илэрхий яллаа. Булганы бөхчүүд “Алтан цом”-д эзэн суухад ойрхон болж, тэргүүн эгнээнд жагсаж буй хоёр багийн нэг болсон. Тэд энэ хүрэх замдаа ганц ч ялагдаагүй бөгөөд өчигдөр тус багаас Орхон сумын залуу начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат нар нэг унаатай багаа тэргүүлэв.
Түүнчлэн энэ багт өнгөрсөн наадмын гурван шинэ цолтон улам хүч өгсөөр тэд өдөр ирэх тусам чангарч байгааг нэмж хэлэх нь зүйтэй болов уу. Булганы “зургаан залуу начин”-ы дайралтыг зогсоох баг хаанаас гарч ирэхийг нэрлэх хэцүү болж. Анхдагчдын өлгий нутгийн хүчтэнгүүд “Алтан цом”-д түрүүлсэн анхны аймаг болж мэдэх янзтай.
Тэгвэл харцага Ө.Даваабаатараар ахлуулсан Төв аймгийн багаас улсын начин Д.Хүдэрбулгыг онцлохоос аргагүй сайн барилдлаа. Булганы таван начингаас таван ялалт салгана гэдэг бэлтгэл сайных.
Д.Хүдэрбулга начин алтан цомын барилдааны хамгийн олон даваатай бөхчүүдийн нэг. Заан цолны энтэй бөх гэдгээ өчигдөр дахин баталлаа. Харин түүний багаас хамгийн ихээр найдаж байсан харцага Ө.Даваабаатар, начин Г.Ганжад нарсансандаа хүртэл барилдаж чадалгүй, бас дэмжигчдийнхээ урмыг ч хугаллаа. Төв аймгийн багийн зургаан бөхөөс улсын начин Д.Хүдэрбулгаас бусад нь нэг даваа, дөрвөн унаатай өндөрлүүлсэн гэхээр ялагдлын шалтгааныг хэлүүлэлтгүй ойлгохоор юм.
Б.Батжаргал