Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах II шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд болов. Тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд Т.Баярцэцэг 580 оноогоор түрүүлсэн бол отгон гавьяат Ц.Мөнхзул дэд байрт, “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлсөн Ц.Анударь гуравдугаар байрт орлоо.
Энэ өрсөлдөөн их чухал. 2023 оны Азийн АШТ, ДАШТ, Азийн наадамд эх орноо төлөөлөх тамирчдын сонгон шалгаруулахад нөлөө үзүүлэхүйц сорил юм. Харин энэ тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тавдугаар байр эзэлжээ.