Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүх ойн Улсын баяр наадмын манлай бөх бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай юм. Бөх сонирхогчдод дуулгахад 25 дахь аварга О.Хангайн нэрэмжит сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, “Аврагч” спорт хорооны зааланд маргааш өдрийн 11:00 цагт болно.
Энэ барилдаан их шинэлэг хэлбэрээр болох бөгөөд хоёр давсан 32 бөхийг дөрвөн хэсэгт хувааж, тэндээс шалгарсан шилдэг найман бөх тойргоор хүч үзнэ.
Отгон аварга Оргихын Хангайгийн бөхийн ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүдэд ямар амжилт үзүүлсэнийг эргэн сануулая.
2012 оны Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цолтон болж, дараа жил нь даагаа нэхэж арслан цол хүртсэн юм.
Тэр аймгийн арслан цолтойдоо сар шинийн баярт зориулсан барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн нь одоо ч шинэ амжилт. 2017 оны Улсын баяр наадмаар зургаа давж улсын харцага цолонд хүрэхдээ дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхан, тавд арслан Э.Оюунболд, зургаад заан Б.Серик нарыг давсан. Харцага цолтойгоор Монгол бөхийн өргөөнд тун олон түрүүлсэн бөх.
Харин өнгөрсөн жил зуунд ганц тохиох баяр наадмаар улсын аварга цол хүртэхдээ аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл (1)