“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны зургадугаар тойргийн салхийг хагалж, Завхан-Баян-Өлгий аймгийн бөхчүүд өрсөлдөхөд Завхан аймгийн баг 14:11-ээр ялалт байгууллаа. Тэд хүснэгтийн гурав руу дэвшлээ. Завханы баг хүн дутуу (улсын харцага Д.Бат-Эрдэнэ барилдаагүй) байсан ч ялалт байгуулсан нь тун онцгой. Улсын харцага Ш.Пүрэвгарьд өвдөг шороодоогүй, улсын начин Б.Чимэдвандан ганцхан унаатай барилдаанаа дуусгасан нь багаа ялуулахад том нэмэр болсон.
Тэд гарьд Б.Гончигдамба, заан М.Лхагвагэрэл нарыгаа эзгүй байх хойгуур ар талыг даасан шиг дааж чадлаа. Мөн энэ багийн хамгийн бага цолтой аймгийн харцага Г.Анхбаяр гэхэд 50-аас дээш хувийн амжилт үзүүлсэн нь том тус хүргэв. Отгон тэнгэрийн бөхчүүд өчигдөр онцгой сайн байсан нь ийм.
Харин Баян-Өлгий аймгийн багаас улсын начин Н.Мустафа ганцхан даваа авсан нь ялагдал авсахад шууд хүргэв. Баянхонгор аймгийн багийг ялахад онцгой гавьяа байгуулсан тэрбээр багийнхаа гол найдвар байсан юм. Энэ багийн унах, босох хувь заяа гагцхүү түүний амжилтаас шалтгаалах учиртай.
Барилдаан ойртож, бэлтгэл нь цөмөрсөн байж болох. Бас нэг муу мэдээ нь Баян-Өлгийн багт хурц арслан М.Еркебулан ирээгүй нь том гарз болсон. Өлгийн хүчтэнгүүд хүн дутуу Завханы багийг ялах таатай боломж өчигдөр байсан. Энэ боломжийг алдсан нь даанч хайран байлаа.