Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-ний өдрүүдэд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай улсаас Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэн билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байгаа. Тэгвэл тэмцээний 53 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа зодоглоно. Эхний тойрогтоо гоц мөргөсан тэрбээр дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Хү Ён Oн, Вьетнамын Ди Дау Бу хоёрын ялсантай нь учраа таарна.
Түүний жинд Японы "Супер охин" хочит, 111 дараалан ялалт байгуулаад байгаа Акари Фүжинами байгаа юм.