Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын шигшээ багийн тамирчин Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ.
Ч.Отгонтуяа өдрийн эхэнд Вьетнамын Нгуен Ти Май Трантай оноо авалгүй тэнцсэн ч алдааны харьцаагаар ялсан бөгөөд хагас шигшээд Казахстаны Марина Седневаг 10-0 харьцаагаар ялж финалд шалгарсан юм.
Финалд Хятадын Пан Чианюүд 6-2 харьцаагаар ялагдсанаар Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр эмэгтэй таван жингийн барилдаан болсон. Үүнээс:
- 50 кг жинд Цогт-Очирын Намуунцэцэг эхний шатанд Японы Рэмина Ёшимотод 10-0 харьцаагаар, дагахад Хятадын Зичи Фенд 8-0 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- 59 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа Энэтхэгийн Саритад 4-1, Хятадын Жуомалагад 6-4, Японы Юи Саканод 7-2 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Нишатай 10-10 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор хожигдож дагасан бөгөөд хүрэл медалийн төлөө Хятадын Фен Жуотой барилдан 7-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэлсэн.
- 76 кг жинд Ганбатын Ариунжаргал Японы Мизүки Нагашимад 4-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгасан.