Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. Өчигдөр Монголын багийн медалийн салхийг хагалж, Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр таван жингийн барилдаан болох бөгөөд 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон барилдах гэж байна. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөхтэй барилдахаар оноолт таарчээ. Ялбал урд хөршийн бөх хүлээж байгаа юм. Их спортоосоо хэсэгтээ хөндийрсөн түүний хувьд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн жилийн дараа гарах гэж байна. Хаа хаанаа догдлол дүүрэн өдөр өнгөрөх нь. Чөлөөт бөхийн хүрээнийхэн болон дэлхийн шилдэг экспертүүд түүний барилдаанд ихээхэн анхаарал хандуулах нь ойлгомжтой.