“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдаан одоо л сонирхолтой өрнөж байна. Хүснэгтийг тэргүүлэгч Булган аймгийн бөхчүүд урд өдрийн орой Завханы багийг 14:11-ээр ялсанаар “Алтан цом”-д улам ойртлоо. Цаана нь ердөө хоёрхон тойрог хүлээж байна.
Булганаас уран барилдаант улсын начин Д.Амарсайхан ганцхан унаатай хошуучилсан бол Завханаас залуу харцага Л.Лха-Очир муу барилдлаа. Барилдааны үр дүнд нөлөөлсөн зүйл энэ. Завханы дэмжигчид гонсгор байхаас аргагүй, гарьд Б.Гончигдамба, заан М.Лхагвагэрэлч эзгүй байж таарлаа.
Дээр нь сэлгээний бөхгүй таван тойрог барилдаан дуусгасан нь бас сөргөөр нөлөөллөө. Тэднээс “Алтан цом”-ын медаль улам холдож байна. Харин Булганы залуус өнгөтэй байна, бэлтгэлээ ч сайн тааруулсан байна. Өмнөх тойрогт Увсын багийг яаж илүүрхсэн билээ дээ. Ёстой л Булганы бөхчүүд бужигнуулж байх юм. Булганыхан өчигдөр хоёрдугаар тойрогт үнэмлэхүй ялсан ба нэг тойрогт таван даваа авсан анхны аймаг болсон.
Одоо тэднийг зогсоох ганц саад нь Архангайн хүчтэнгүүд. “Бөх билэгт”-ийн эрчүүд “Алтан цом”-ыг тэргүүлж байгаа ба Булганы багтай хамгийн сүүлд таарах нь. Энэ барилдаанаас “Алтан цом”-ын хувь заяа шийдэгдэх болов уу.
Б.Бат