Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какирюү М.Анандын зодог тайлах ёслол зургадугаар сарын 3-нд Японы нийслэл Токио хотод болохоор товлогдлоо. Их аварга маань магэ хөндөх ёслолдоо нутгийн дэмжигчид, урлаг, спорт, улс төр, бизнесийн олон сайчуудыг уриад зав муутай явна. Энэ арга хэмжээнд одоогоор монголоос хэн очих нь тодорхой бус. Лав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очихыг сая мэдлээ. Мөн монгол бөхийн ид хавыг гайхуулан барилдаж буй аварга, арслан цолтой бөхчүүд очих сурагтай. Өчигдөр сүмогийн дэвжээнд нэгэн үед мөр зэрэгцэн барилдаж явсан Токүсэгава Б.Ганболдод урилгаа биечлэн хүргэж өгсөн байна.