“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн тэмцээний III шатны тавдугаар тойргийн сүүлийн барилдаан өнөө оройн 20:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Өнөөдөр хүснэгтийг тэргүүлэгч Булган аймгийн баг Завханы хүчтэнгүүдтэй барилдах юм. Хэрэв зээ, Булганы баг ялбал түрүүлэх боломжоо хадгалж үлдэнэ.
Завханы багийн тухайд гол найдвар улсын заан М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тул оронд нь гарьд Б.Гончигдамба хүч нэмж байгаа. Өмнөх тойргийн ялагдал тэдний амжилтыг хойш татсан. Гэхдээ тэдэнд ялах боломж бий.
Харцага Л.Лха-Очир, начин Т.Дүгэрдорж нарын бэлтгэл гойд сайн байна. Харин Булганы багийн хувьд бэлтгэл нь ярих юмгүй сайн байна. “Зургаан залуу начин” хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа бөгөөд тэдний гол өрсөлдөгч нь Архангай бөхчүүд. Булганыхан хотоос зайдуу гарч бэлтгэл сургуулилтаа хийж байгаа нь ч үр дүнтэй байна. Тэдэнд зөвхөн “Алтан цом”-д түрүүлэх туйлын хүсэл байгаа. Монгол бөхийн өргөөнд болж буй барилдааныг хүртэл алгасана билээ.
Булган аймгийн багт:
Улсын начин Д.Амаржаргал
Улсын начин Д.Амарсайхан
Улсын начин Б.Түмэндэмбэрэл
Улсын начин Э.Сумъяабат
Улсын начин Б.Түвшинтөгс
Улсын начин Х.Цогтгэрэл (сэлгээнд)
Завхан аймгийн багт:
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын харцага Л.Лха-Очир
Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
Улсын начин Б.Чимэдвандан
Улсын начин Т.Дүгэрдорж
Аймгийн харцага Г.Анхбаяр (сэлгээнд)
Б.Бат