Даян аварга Намсрайжавын Батсуурь бяртай байна, аварга цолтныхоо хувьд бусдаасаа илүү хариуцлагатай байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дөрвөн өдөр дараалан зодоглохдоо 26 барилдаан хийснийхээ 22-т нь давлаа. Ердөө дөрөв унаж.
Даян аварга маань Сар шинийн баярт зориулсан барилдаан, Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ой, Архангай аймгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэсэн юм. Он гарсаар гурван том барилдаанд түрүү булаалдсан бөх түүнээс өөр алга. Авсан цолондоо эзэн болж чадаж байна.
Гэтэл түүний үе тэнгийн том цолтой бөхчүүд барилдах нь ховордож, наадам болон цагаан сарын барилдаанд гарахаас хэтрэхээргүй болсон, шөвгөрсөн ч үгүй.
Шууд нэрлэе. Хоёр хоногийн өмнө Архангай аймгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаан болоход нутгийн бөх Ч.Санжаадамба нь зодоглох нь байтугай бөхийн өргөөнд хамраа ч цухуйлгасангүй. Нутгийн түмэн олноо тэр хүндэтгэдэггүй юм аа гэхэд аварга цолыг нь хүндэтгэн урьсан нутгийн удирдлагуудаа бодмоор шиг. Олон хүнд хачин санагдсан байх аа. Нутгийн зон олон нь сэтгэл дундуур байна билээ.
Гэтэл өнөөх муу нэртэй Н.Батсуурь нь зүүн жигүүрээ магнайлан хурсан олныг баярлуулж байна. Н.Батсуурь аваргаасаа суралц, Ч.Санжаадамба аа.
Мөн арслан Ц.Содномдорж байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийнхаа наадмыг будилаантуулж, нэг муухай харагдлаа. Том цолтой бөхийн хувьд энэ нь зохимжгүй үйлдэл. Бас зуунд ганц тохиох улсын баяр наадмаараа шинэ цолтон төрөхөд дэмжлэг үзүүлж ч байх шиг. Элэг бүсээ тайлж өгөх чинь авсан цол, идэр насанд чинь тохиромжгүй санагдана.
Н.Батсуурь аваргаас суралцдаггүй юм аа гэхэд та нарын насан дээр “Хоёр мөнх” ач тач үзэлцэж явлаа. Ард түмнээ хуурч байгаагүй юм. Х.Баянмөнх аварга гэхэд 43 насандаа улсын баяр наадамд түрүүлж байсныг санахад илүүдэхгүй ээ.
А.Сүх
Сэтгэгдэл (10)