Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-14-нд болно. Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа Ташкентад хангаж байна.
Тэмцээн болох хотод бэлтгэлээ хийж байгаа нь тэдэнд давуу тал болох учиртай. Монголын багийн бүрэлдэхүүнд 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 51 кг-д Х.Энхмандах 54 кг - Д.Ганболд, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Т.Энхтөр, 63.5 кг-д Б.Чинзориг, 67 кг-д Б.Мишээлт, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Ж.Отгонжаргал, +92 кг-д Х.Бекнур нар тулалдана.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд өндөр туршлагатай тамирчин байхгүй ч олимп, дэлхийн рингэнд тулалдсан тамирчин хэд бий. Эдгээрээс дэлхийд финалдвал Монголын боксын 15 дахь медальтан, ес дэх медальтай эрэгтэй тамирчин болно.
Монголын ширэн бээлийтнүүд дэлхийн рингэнд 1978 оноос анхлан оролцож, өдгөө нэг алт, гурван мөнгө, долоон хүрэл медальтан төрөн гарчээ. 2019 онд Э.Цэндбаатар хүрэл медаль хүртсэнээс хойш Монголын эрэгтэй боксчид ДАШТ-ээс медаль хүртээгүй байгаа юм.
Боксын ДАШТ-ий Монголын тамирчдын онцлох амжилтаас хүргэе.
- 1982 онд Германы Мюнхенд болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Равсалын Отгонбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн нь анхдагч амжилт болжээ.
- 1993 оны Финландын Тампере хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Э.Цогтжаргал хүрэл медаль хүртсэн ба тус тэмцээнээс медаль авсан цор ганц ази боксчин болж байв.
- Дэлхийн рингэнд төрийн дуулалаа эгшиглүүлсэн цор ганц монгол тамирчин байдаг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба ба мөн анхны хошой медальтан юм.
- 2009 оны Италийн Милан хотод болсон ДАШТ-ий 51 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгөн медаль хүртсэн нь хамгийн залуу насандаа (17 настай) дэлхийн медальтан болсон анхны монгол боксчин болсон.
- ДАШТ-ий медалиа олимпын медальтай хослуулсан таван монгол тамирчин байдаг нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай билээ.
- Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс монголчууд 11 дэх медальтнаа өлгийдөн авсан бөгөөд Миланы рингнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан хамгийн оргил амжилт байлаа. Монголын боксчид нэг дор иж бүрдэл медаль хүртсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үүнээс өөр үгүй.
- Монголын боксчид 48, 57, 64 кг-ын жинд арай олон медаль авсан бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Р.Отгонбаяр ууган медалийг хүртэж, гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ жинд отгон медалийг аваад байна.
Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тамирчид:
А.Болдбаатар