АНУ-ын спортын дипломат харилцааны төрийн хэлтсийн төслийн хүрээнд тус улсын 10 хүнтэй баг манай улсад хүрэлцэн иржээ. Багш, дасгалжуулагч, олимпын оролцогч тэргүүтэй эдгээр зочид Улаанбаатар хотноо 14 хоног саатах хугацаандаа спортын манлайлал, нийгмийн өөрчлөлтийн сургалт зохион байгуулж, спортын байгууллагуудтай танилцан, тэмцээн уралдаан үзэж, тамирчидтай туршлага солилцохоос гадна хэлэлцүүлэгт оролцох юм.
Тус ажлын хүрээнд Монгол Улсын спорт хороодын нэг “Хилчин” спорт хороотой танилцаж, туршлага солилцлоо. “Хилчин” спорт хорооны зүгээс жүдо, бокс, волейболын өсвөрийн тамирчдын бэлтгэлтэй танилцуулж, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ.
Мөн “Хилчин" спорт хорооны эмэгтэй дасгалжуулагч, тамирчдыг гурван өдрийн сургалт, хэлэлцүүлэгт оролцуулан харилцан туршлага солилцсон юм. Хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас 11 хүн АНУ-д мөн туршлага солилцох сургалтад хамрагдах бөгөөд “Хилчин” спорт хорооноос хоёр дасгалжуулагчийг шалгаруулж авахаар харилцан тохиролцоод байна.