ОБЕГ-аас ой, хээрийн түймэр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд он гарснаас хойш нийт найман аймгийн 17 суманд 25 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 13:00 цагт гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгаар тархаад байна. Түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 72 албан хаагч ажиллаж байгаа.
Энэ түймэр иргэний санамсар, болгоомжгүй үйлдлээс дэгдсэн гэдгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний аврах бригадын бүлэг Улаанбаатар хотоос нислэг үйлдсэн. Энэ цаг мөчид Дорнод аймгийн төвд бууж түлш цэнэглээд түймрийн голомт руу нисэж буй. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд түймэр гарч, цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөөс суманд гарсан түймрийг унтрааж орон нутгийн байгаль хамгаалах байгууллагын холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн. Мөн Дорнод аймгийн Булган суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун