Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 1-р улирлын хурлаар холбооны Дэд Ерөнхийлөгч Э. Анарыг Хонгконг улсад болох FIBA Зүүн Азийн бүсийн хуралд Монгол улсаа төлөөлөн оролцуулахаар сонгож, тус бүсийн удирдах зөвлөлд өрсөлдүүлэхээр нэрийг нь мөн дэвшүүлсэн юм.
FIBA Ази нь 6 дэд бүст хуваагддаг ба эдгээрээс Зүүн Азийн бүс нь хамгийн хүчтэй бүс юм.
Учир нь БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Хонгконг, Монгол, Макао зэрэг улсууд багтдаг.
Өнөөдөр ФИБА Азийн Гүйцэтгэх захирлын албан захидал ирж МСБХ-ны Дэд Ерөнхийлөгч Энхболдын Анарыг ФИБА Зүүн Азийн бүсийн 2023-2027 оны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг мэдэгдлээ.
Мөн манай бүсийн Ерөнхийлөгчөөр Яао Минг (БНХАУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч) сонгогджээ.
Ингэснээр Монгол улс Азийн түвшинд өөрийн улсын байр сууриа илэрхийлж, бодлогын түвшинд нөлөөлөх нэгэн боломж нээгдэж байна.
МСБХ-ны Дэд Ерөнхийлөгч Э. Анартаа Монгол улсаа төлөөлөх хариуцлагатай албанд сонгогдсонд халуун баяр хүргэж, амжилтын дээдийг хүсье!