“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн төлөөх хөлбөмбөгийн Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолт Тайландын Чонбури хотод болж байна. Энэ хэсэгт Монгол, Тайланд, Сингапур багтаж байгаа. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо Сингапуртай хийхэд 2:2-оор дуусгасан юм. Н.Намуун энэ тоглолтын гол баатар байж, эсрэг багийн хаалгыг хоёр мялаасан билээ. Манай улсын баг өнөөдөр талбайн эзэн Тайландын багтай 18:00 цагт тоглох бөгөөд Тайландын охид Сингапурыг 6:0-ээр буулган авсан хүчирхэг баг юм.