Эверест. Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт орших энэ оргил бол дэлхийн хамгийн өндөр цэг. Эр зориг шаардсан уулын спортод тоотой хэдэн хүн энэ оргилд гарсан. Манай улсаас долоон уулчин дэлхийн зулайд гарсан түүхтэй.
Энэ амжилтыг залгуулахаар уулчин С.Ганхүү, О.Золбоо, Д.Амартогтох, Б.Батхишиг нар алтан шар замдаа гарсан байна.
Багийн гишүүдийн биеийн байдал тогтвортой, өндөр уулын бэлтгэлээ хангаж байгаа тухай мэдээ ирлээ. Энэ багийг туршлагатай уулчин С.Ганхүү ахалж буй бөгөөд тэдний араас хоёр дахь хэсэг энэ сарын 16-ны өдөр Улаанбаатараас хөдлөх аж.
Монголын уулчид түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр Эверестийг зорьж байгаа нь энэ. Манай улсаас өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар эх орныхоо тугийг мандуулсан. Энэ бол хэн хүнд тохиохгүй, амар олдохгүй аз завшаан юм.
Б.Батжаргал