Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ныг “Спорт-Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. ОУОХ энэхүү өдрийг дэмжиж, Үндэсний олимпын хороодод спорт, олимпизм, энхтайваны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил үйлс өрнүүлэхийг уриалсан юм.
Энэхүү арга хэмжээнд “Дели-2023” эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт М.Энхжаргал, 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн шинэхэн аварга багийн тоглогч О.Энхбаатар оролцож, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд болон Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
Энэ үеэр тамирчид тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилтаасаа хуваалцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсноо онцолж, шантралгүй, тууштай байвал амжилтад хүрдэг болохыг хэлэв.
Түүнчлэн М.Энхжаргал ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод тархиа хагалуулснаа рингнээс бууж ирсэн хойноо л мэдсэнээ хэлсэн.
“Мароккогийн тамирчинтай тоглоход хүнд цохилт аваад нэлээд сандарсан. Нүд харанхуйлаад ирсэн ч “Намайг олон хүн харж байгаа. Иймхэн юман дээр бууж өгч болохгүй” гэж бодон шүд зуун тоглосоор байгаад хожсон. Медалийн төлөө тоглохдоо мөргүүлээд тархиа хагалчихсан байснаа сүүлд л мэдсэн. Тухайн үед юу болоод байгааг анзаарах сөхөөгүй л байнаа. Харин мөнгөн медалийн төлөө тоглолтод хожигдчихоод амьдралдаа анх удаа рингэн дээр уйлсан. Алт авах боломж байсан шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байсан” хэмээн ярьсан юм.
О.Энхбаатарын хувьд нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэх болсноо сонирхуулж, бэлтгэлээ маш сайн хийдэг байсан болохоор хурдан сайжирснаа хэлэв.
3х3 багийнхан Азийн аварга болсон талаар “-10 градусын хүйтнээс шууд 30 хэмийн халуун газар очсон болохоор эхэндээ тоглоход эвгүй байлаа. Австралид өмнө нь хэд хэд хожигдоод байсан болохоор энэ удаа заавал хожно гэж нэг нэгнийгээ зоригжуулаад, урам зоригтой гарсан. Үүнийхээ ачаар хүчтэй өрсөлдөгчөө хожиж түрүүлсэндээ баяртай байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (1)