УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Булгантуяа Буриад улсад ажиллажээ.
Тэрбээр “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллагын тэргүүн А.С.Скосырская уулзаж хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Буриадын нийт хүн амын 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Буриад улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгааг А.С.Скосырская хэлжээ.
Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Булгантуяа “МАН эмэгтэйчүүдийн манлайлалд онцгойлон анхаарч, сонгуулийн тухай хуульд тэгш байх зарчмыг баримтлах бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Эмэгтэйчүүдийн квотын тоог байнга нэмэгдүүлсний үр дүнд өнөөдөр УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна" гэв.
Цаашид хоёр улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол-Буриадын эмэгтэйчүүдийн уулзалт, бүс нутгийн эмэгтэйчүүдийн хуралдааныг хамтран зохион байгуулахаар ярилцлаа. "Буриадын эмэгтэйчүүд" байгууллага нь 2007 онд байгуулагдсан, гурван мянган гишүүнтэй аж.
Эх сурвалж: Боомтын сэргэлтийн үндэсний хороо