Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулсан. Гэхдээ журмыг эцэслэн батлаагүй байгаа. Хэрэв энэ журам үйлчилж эхэлбэл олимпын аварга Н.Түвшинбаярт сар бүрийн урамшуулал олгогдохгүй юм. Журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан улсын харцага Г.Ганхуяг сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр “Энэ хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэж маш муу хүн байна шүү. Дэлхийгээс амжилтуудыг нь цуцлаагүй бол одоо ч олимпын аварга хэвээрээ гэсэн үг. Үр хүүхдүүд нь хэрэг хийгээгүй, давхар яллах хэрэггүй. Тэртээ тэргүй хоёр айлын олон үрс зовж байгаа. Ар гэр, үр хүүхдүүд, хохирогчийнхоо ар гэрийг тэр мөнгөөр л авч явна шүү дээ. Алуурчин гээд өмнөх амжилтууд нь алга болчихдоггүй юм даа. Байгуулсан гавъяа, үйлдсэн ял хоёр тусдаа зүйл” хэмээн хэлэв.
Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан юм.
Б.Бат
Сэтгэгдэл (39)