Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, дөрөв давсан 16 бөхөөс допингийн явцын үеийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээнээс нэг бөхийн хариу эерэг гарсан талаар урьдчилсан мэдээлэл гарлаа. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлсэн болохоор баттай болно. Зарим хэвлэлээр улсын арслан Э.Оюунболд хариу эерэг гарсан гэх таамаг гаргасан байна.
Гэхдээ энэ баттай бус. Хэрэв Э.Оюунболдоос хориотой эмийн бодис илэрсэн бол тэрбээр барилдах эрхээ бүх насаараа хасуулах юм. Учир юу гэвэл, Э.Оюунболд арслан өмнө нь хоёр удаа допинг хэрэглэсэн ба гурав дахиа хэрэглэбэл тухайн спортын төрлөөр албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эрхээ бүх насаараа хасуулах дүрмийн зохицуулалт түүнд үйлчилнэ.
Эргэн сануулахад, 2019 оны Улсын баяр наадмаар ес давсан улсын арслан Э.Оюунболдоос дөрвөн төрлийн хориотой эмийн бодис илэрснээр барилдах эрхээ хасуулж, аварга цолоо хураалгаж байлаа. Дараа нь 2021 онд Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд гурав давахад эерэг гарч байв.
Цагаан сарын барилдааны допингийн шинжилгээний хариуны гүйцэд ирээгүй тул допинг хэрэглэсэн бөхийн нэрийг албан ёсоор зарлах боломжгүй юм. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлах хоёр субьект нь Монголын допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо. Э.Оюунболдын барилдах эрхийг бүх насаар нь хасах эсэхийг зөвхөн МҮБХ-ны удирдлагууд шийднэ. Дээрх гурван шинжилгээний хоёр нь МҮБХ-ны санаачилгын хүрээнд авсан болохоор тэр юм.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (11)