********************************************************************************************************************************************************************************************************
Пүрэв гарагт "Тэнүүн Өлзий Металл" болон "Завхан Бродерс" багуудын цувралын тав дахь тоглолт болно. Дөрвөн тоглолтын дараах байдлаар "Тэнүүн Өлзий Металл" баг гурав, "Завхан Бродерс" баг нэг хожилтой байгаа билээ.
Цувралын дөрөв дэх тоглолтын үеэр “Завхан Бродерс”-ын Д.Мөнхтүвшин, “Тэнүүн Өлзий Металл”-ын Кристофер Блейк нар хоорондоо зодолдон, спортын бус алдаа гаргасан. Энэ асуудалд Монголын сагсан бөмбөгийн холбоо ул суурьтай хандаж, хэлэлцэн, “Завхан Бродерс” багийн тоглогч Д.Мөнхтүвшинг хоёр тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торгосон бол “Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч Кристофер Блейкийг нэг тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торгосон юм.
Түүнчлэн “Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч О.Сайнбаяр, Б.Сүхбат, Б.Энхсайхан, А.Ж.Вест, Б.Ануужин, Д.Адьяасүрэн нарт тус бүр сануулах шийтгэл ногдуулж, тус багийн эрх бүхий төлөөлөгч Б.Давхарбаяр тоглолтын талбайд гарч ирэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул багийг нь хоёр сая төгрөгөөр торгохоор болсон.
Тэгэхээр өнөөдөр болох хоёр багийн тоглолтыг Д.Мөнхтүвшин, Кристофер Блейк өнжих нь. Хэрэв өнөөдрийн тоглолтод "Тэнүүн Өлзий Металл" баг хожвол дөрвөн хожилтойгоор финалд шалгарч, "Эрдэнэт Майнерс" багтай Үндэсний дээд лигийн аваргын төлөө тоглоно.
Л.Сайнаа