Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, дөрөв давсан 16 бөхөөс допингийн явцын үеийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээнээс нэг бөхийн хариу эерэг гарсан талаар урьдчилсан мэдээлэл гарлаа.
Допингийн шинжилгээ өгсөн 16-гаас дөрвөн бөх өмнө нь допинг хэрэглэн барилдах эрхээ хасуулж, зарим нь цолоо хураалгаж байв. Тухайлбал, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нар 2017 оны арван хоёрдугаар сард болсон барилдааны үеэр допинг хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. 2019 оны Улсын баяр наадмаар ес давсан улсын арслан Э.Оюунболдоос дөрвөн төрлийн хориотой эмийн бодис илэрснээр тэр барилдах эрхээ хасуулж, аварга цолоо хураалгасан юм. 2020 оны Улсын баяр наадмаар үзүүрлэсэн даян аварга Н.Батсуурийн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн тул түүний барилдах эрхийг нэг жилээр хасч, үзүүрлэсэн чимгийг хассан удаатай.
Мөн Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд гурав давсан улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрч барилдах эрхийг хасч байлаа. Цагаан сарын барилдаанд допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдээс дөрөв нь ийм асуудалд орж байжээ. Э.Оюунболд арслан бол допингийн шинжилгээнд хоёр удаа бүдэрсэн бөх юм.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (9)