Тайланд улсын Чонбури хотод хөлбөмбөгийн “Парис-2024” зуны олимпын эрх олгох Азийн бүсний эхний шатны тоглолт хоёр дахь өдрөө болж байгаа бөгөөд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Сингапурын багтай 2:2-оор тэнцлээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас Н.Намуунаа (2 дахь минутад) эхний гоолыг оруулсан боловч эсрэг багийн тоглогчид 42, 79 дэх минутад дараалан гоол оруулснаар үндсэн цаг дуустал тэргүүлэв.
Аз болоход шүүгчийн мэдлийн 5 минутад Н.Намуунаа дахин гоол оруулснаар багаа хожигдлоос аварлаа, хоёр багийн тоо (2:2) ингэж нэг тэнцлээ. Манай охид олимпын эрх олгох чухал тоглолтоос эхний оноогоо авсан бөгөөд нөгөөдөр 18:00 цагт талбайн эзэн Тайландын багтай тоглох юм.
Н.НАМУУНАА: ШИГШЭЭ БАГАА ДЭМЖСЭН МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА
Энэ тоглолтын дараа Н.Намуунаа сэтгэгдлээ хуваалцав. “Гоол оруулсандаа баяртай байна. Багийн тоглогчид маань сайн дэмжсэн болохоор гоол хийж чадлаа. Дараагийн учраа Тайландтай тоглохдоо хамгаалалтандаа илүү анхаарна. Нуруугаар биднээс илүү юм. Шигшээ багаа дэмжсэн монголчууддаа баярлалаа” хэмээн хэлэв.
Б.Батжаргал