Монголын жүдо бөхийн залуу тамирчин Т.Анударь, Б.Намуунаа нар жүдо бөхөд мэргэшихээр арлын япон орныг зорив. Тэд Осака мужид байрлах Киндай их сургуульд суралцах юм. 1925 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулийн төгсгөгчдөөс олимп, дэлхийн медальтан олноор төрөн гарсан.
Т.Анударийн хувьд өсвөрийн УАШТ-ий хүрэл медаль, Хүүхдийн спортын наадмын самбо бөхийн мөнгө, гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээний мөнгө, 2022 оны залуучуудын улсын аварга болсон ирээдүйтэй бөх.
Харин Б.Намуунаа жүдо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-ий хүрэл медальтай бөгөөд самбо бөхийн өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Энд нэмж хэлэхэд тэдний суралцах сургуульд 2022 оны их дуулгын хүрэл медальт О.Хүслэн суралцаж буй билээ.
Б.Бат