Монголын хөлбөмбөгийн “ДМЮ” клубын “бүтээгдэхүүн”, нэгдүгээр багийн оны шилдэг тоглогч Жавхлангийн Эрдэнэзолбоо 2020 оны намар Ло́ранда Э́твёшагийн их сургуульд спортын шинжлэх ухаан ба менежментийн чиглэлээр суралцахаар Унгарыг зорьсон билээ. Тэрбээр хичээл, ажлын хажуугаар Будапешт хотын 12 дугаар дүүргийн “Швабхэдьж” клубт бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн ч албан ёсны тоглолтод оролцох зөвшөөрөлгүй байсан тул зөвхөн нөхөрсөг тоглолтуудад л оролцож байв.
Харин Унгарын хөлбөмбөгийн холбооноос хүсэн хүлээсэн бичиг нэгдүгээр сарын 19-нд ирснээр тус клубын хоёрдугаар багийн төлөө “BLSZ III” лигийн нэгдүгээр хэсгийн таван тоглолтод оролцож, нэг гоол хийсэн юм. Улмаар нэгдүгээр багийн төлөөх анхны тоглолтоо өнгөрсөн бямба гаригт 108 жилийн түүхтэй “Нодьжтээтээне Кухас” клубын эсрэг хийж, 5:1-ээр хожлоо.
Бояжик Йожефын удирдсан “Швабхэдьж” 14 багтай “BLSZ II” лигийн 17 тоглолтод 14 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон амжилтаар хүснэгтийн хоёрдугаар байрт явж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн долоон тойргийн тоглолтоос шалтгаалан түрүүлэх, хоёрдугаар байр эзэлсэн ч плей-оффын тоглолтод ялалт байгуулбал өнгөрсөн улирал хүртэл тоглосон “BLSZ I” лиг рүү дэвших боломжтой. Ж.Эрдэнэзолбоогийнхоо хичээл, ажил, Европ дахь хөлбөмбөгийн замналд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, "дээлийнх нь захыг мушгин сууя".