“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн тэмцээний гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн хоёр дахь барилдаан өчигдөр болоход Төв аймгийн бөхчүүд Завханы багийг 15:10-аар буулгав. Төв аймгийн бөхчүүд гуравдугаар шатны хоёр дахь ялалтаа авсан бол Завхан аймгийн баг ялагдлаа хоёр болгов. Төв аймгийн манлай бөх, улсын заан Б.Батмөнх хоёр дараалж унасныхаа дараа аймгийн арслан П.Эрхэмжаргалд халаагаа шилжүүлсэн нь зөв болсон.
П.Эрхэмжаргал орж ирснээр хоёронтоо туг тойрохдоо ялалтын давааг багтаа авчирсан нь чухал байлаа. Ингэхдээ өрсөлдөгч багийнхаа амаргүй учраа болох гарьд Б.Гончигдамбыг унагасан нь илүү сайн. Энэ багаас улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Дашдаваа нар дөрвөн даваа авч багаа тэргүүлсэн бөгөөд начин маань “Алтан цом”-ын хамгийн олон даваа авсан бөхчүүдийн дэд байрт жагсаж байна. Түүний бэлтгэл сургуулилт бол ярих юмгүй сайн.
Түүнчлэн хурц арслан Э.Ууганбаяр багтаа хүч нэмнэ гэх яриа гарсан боловч тэрбээр зөвхөн нутгийн бөхчүүдээ дэмжихээр ирсэн байв. Гэсэн хэдий ч тус багийн бөхчүүд энэ шатанд хоёр ялалт авснаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж үлдсэн юм.
Завхан аймгийн баг “Алтан цом”-ын гараагаа эвтэйхэн эхлүүлсэн ч гуравдугаар шатнаас санаандаа хүртэл барилдаж чадахгүй байна. Энэ багийн лидер бөх, улсын заан М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор явсан тул нутгаа хойш тавихаас аргагүй байлаа.
Түүний арыг дааж үлдэх улсын харцага Ш.Пүрэвгарьдын бэртэл бас болсонгүй. Их бага аль ч барилдаанд зодоглохгүй байгаа.
Ямартаа ч гарьд Б.Гончигдамба нүүр тахалж, багтаа хоёр ялалт чирлээ. Тэр наадмаас хойш огт зодоглоогүй бөгөөд Цагаан сарын барилдааныг хүртэл өнжсөн. Бэлтгэл сургуулилт ямар төвшинд байгаагаа өчигдөр харуулах шиг.
Улсын харцага Д.Бат-Эрдэнэ гарааны тавд багтсан ч багтаа тус биш ус боллоо. Тэр дараалан хоёр унаснаар гуйлгуулахгүй суудалд шилжив. Энэ баг бүрэлдэхүүнээ сонгохдоо л алдаа гаргасан. Хүчтэй аймгийн арслангуудаа дүүргийн багт явуулсан нь амжилтад сөргөөр нөлөөлж буйг хэлэх юун билээ.
Төв аймгийн багт:
Улсын заан Б.Батмөнх /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, улсын харцага Ө.Даваабаатар /2/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга/4/ аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 15 даваа авлаа.
Завхан аймгийн багт: Улсын гарьд Б.Гончигдамба /2/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Г.Анхбаяр /0/, улсын начин Б.Чимэдвандан /1/, улсын начин Т.Дүгэрдорж /4/ нийт 10 даваа авсан юм.
Б.Батжаргал