“Пепси алтан цом” үндэсний бөхийн барилдаан ид сонирхолтой болж байна. Өчигдөр гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн салхийг хагалж, хоёр бөхийн өлгий нутгийн хүчтэнгүүд эр бярыг шавхан үзсэн бол өнөөдөр Завхан болон Төв аймгийн баг хоорондоо өрсөлдөх юм.
Хоёр багийн тухайд Завханы гол найдвар, улсын заан М.Лхагвагэрэл барилдахгүй тухай мэдээ гарсан нь тэдний амжилтад сөргөөр нөлөөлнө. Олон улсын тэмцээнд оролцож яваа бололтой.
Харин Төв аймгийн багт аймгийн хурц арслан Э.Ууганбаяр барилдахаар болсон нь тун сайн мэдээ юм. Э.Ууганбаяр арслан бэртлийн улмаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-нд болсон өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит барилдаанд түрүүлснээс хойш бөхийн өргөөнд барилдаагүй.
Наадам, Цагаан сарын барилдааныг хүртэл алгассан билээ. Төв аймгийн бөхчүүд Завханы хүчирхэг багийг буулган авахаар бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа гэж дуулдлаа. Дархан аварга А.Сүхбат, начин Л.Бадарч нар нутгийн залуустаа мэддэг чаддагаа харамгүй хэлж байгаа гэв.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (6)