Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд”спортын ордонд энэ сарын 15-16-нд болно. Энэ тэмцээнийг МПНХ-ноос Орхон аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран зохион байгуулах юм байна.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд тус холбооноос гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Б.Алтангэрэл, Б.Чимэдцэрэн нарын алдартнууд төрөн гарсан ба оны шилдэг холбоогоор хэдэнтээ шалгарсан удаатай.
Тус холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулснаас хойш эх орондоо тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын сацуу орон нутагт эл спортыг сурталчлан таниулах чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Б.Бат