Сингапур улсад болсон Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ багууд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. Мөн шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан билээ. Ийнхүү уншигч та бүхэнд Азийн аварга Монголын эрэгтэй шигшээ багийн гишүүдийн сэтгэгдлийг хүргэе.
-Д.Дэлгэрням: Энэ жил өмнөх алдаагаа давтахгүйн тулд маш их хичээж тоглосон-
Тэрбээр “2017 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Нийтдээ таван удаа оролцсоноос дөрвөн удаа финалд шалгарч, хоёр удаа түрүүлж, хоёр мөнгөн медаль авлаа. Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнө жил хариуцлагатай тоглолт дээр хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тиймээс энэ жил өмнөх алдаагаа давтахгүйн тулд маш их хичээж тоглосон. Тийм учраас ялалт байгуулж чадсан гэж бодож байна. Шинэ Зеланд, Австрали улсын багууд ур чадварын хувьд өндөр зэрэглэлийн багууд. Олимпод орох эрхээ авахын тулд оноогоороо өрсөлдөх ёстой. Олимпын эрх авах 2-3 тэмцээн байгаа. Энэ тэмцээнүүдэд манай баг шууд оролцох эрхтэй. Таван тоглолтод авсан онооны үзүүлэлтүүдийг харж MVP тоглогч өгсөн” гэв.
-А.Ананд: Сүүлийн шидэлтийг хувилбар системийн дагуу хийсэн-
Тэрбээр “Миний хувьд анх удаа Азийн аварга боллоо. Азийн аваргын тэмцээнээс гадна Олимпын эрхийн төлөөх маш том тэмцээн байлаа. Сүүлийн шидэлтийг хувилбар системийн дагуу хийсэн" гэв.
-О.Энхбаатар: Бидний боломж нэмэгдсээр байна-
Тэрбээр “Бидний ойрын зорилго бол 2024 оны олимпид оролцох. Тиймээс оноогоороо Олимпын эрхээ авах, боломжгүй бол дараа жил болох Олимпын эрхийн гурван тэмцээнд оролцох болно. Азийн аваргад түрүүлснээр Олимпын эрхийн төлөөр тэмцээнүүдэд оролцох эрхтэй болсон. Уг нь хоёр тэмцээнд оролцох эрхтэй байсан. Бидний боломж нэмэгдсээр байна" гэв.
-Э.Дөлгөөн: Тэмцээний тоглолтуудад бидний тактик, хамгаалалт маш сайн хэрэгжсэн-
Тэрбээр “Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудад бидний тактик, хамгаалалт маш сайн хэрэгжсэн. Эсрэг багаас манай багийн хамгаалалтыг сэтлэх гэсэн, довтолгоог зогсоох гэсэн тоглолтуудад хяналтаа алдахгүй тоглосон. Ирэх 2024 оны Олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд амжилттай оролцох болно" гэв.
Д.Батчулуун