Цээжиндээ хамгийн бяртай монгол хүн хэн билээ гэхэд эргэлзэх зүйлгүй Энхбаярын Содномпилжээ санагдах. Монголд болсон пауэрлифтингийн нэгдсэн холбооны нэгэн тэмцээний үеэр бүх жингийн дээд амжилтыг шинэчилсэн нь ийм. Тэр өнгөрсөн паралимпын наадамд торолгүй түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн хүчтэн. “Парис-2024” паралимпын наадамд ч одтой байна гэж найдна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бол аваагүй медаль түүнд үгүй. Хөдөлмөрийн бааатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “төмөр өргөх миний хобби” хэмээн хэлсэн. Түүний авьяас, мөн ур чадвар дундрашгүй юм. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтнуудын дунд болсон буудлага спортын тэмцээний гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьход тэрбээр алтан медаль хүртжээ.
Б.Батжаргал