Засгийн газрын тэтгэлэг гэдэг өндөр шалгууртай, өрсөлдөөн ихтэйн хэрээр тэтгэлэгт тэнцэгчдэдээ хамгийн таатай нөхцөлөөр сурах бүхий л боломжийг олгодог. Уншигч та өөрийгөө дутуу үнэлж, хойш суулгүйгээр яг одоо бал, цаасаа бэлдээд ирээдүйдээ хөрөнгө оруулах гайхалтай боломжоос атгаад аваарай.
1. Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэг
GKS буюу Global Korean Scholarship нь жил бүр 200 орчим бакалавр, 1000 орчим магистрын хөтөлбөрийн олон улсын оюутанд олгодог Солонгос улсын Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Манай улсаас жил бүр 20 орчим оюутан хамрагддаг энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, онгоцны тийз, сар бүрийн амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэлийн төлбөр болон бусад нэмэлт тэтгэмжүүд багтдаг байна. Яг одоогоор магистрын зэрэг горилогчдын тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа эхлэх гэж байгаа бөгөөд энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
2. Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг
Зөвхөн магистр болон докторын зэргийн оюутнуудад олгогддог Australia Awards тэтгэлэгт cургалтын төлбөр, онгоцны тийз, нэг удаагийн суурьших олговор, сар бүрийн амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал болон бусад нэмэлт дэмжлэгүүд багтдаг. Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувийн ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог байна. 2023 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд өргөдлөө хүлээн авах Australia Awards тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
3. Тайваний Боловсролын яамны тэтгэлэг
2023 оны хичээлийн жилд Монголоос нийт 12 оюутанд олгохоор шийдвэрлэсэн Тайваний Боловсролын яамны тэтгэлэг нь дээд боловсролын бүх шатанд олгогддогоороо давуу талтай. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та сар бүрийн амжиргааны зардал, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боловч онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, дотуур байр зэрэг бусад зардлыг өөрөө хариуцах шаардлагатай юм. Тэтгэлгийн материалыг Монгол дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар 2023 оны тавдугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
4. Фулбрайтын оюутны хөтөлбөр
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монголд 1995 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүрийн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд материал хүлээж авдаг уламжлалтай. Зөвхөн магистрын зэрэг эзэмших боломж олгох энэхүү бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсанаар тээврийн бүх зардал, амжиргааны зардал, сургалтын төлбөр, хөтөлбөрийн удиртгал уулзалт, эрүүл мэндийн даатгал, визний зардал, аяллын тэтгэмж, суурьших зардал зэрэг багтаж байна. Дэлхийн 160 гаруй орны 4,000 орчим гадаад оюутанд олгодог энэхүү тэтгэлэгт Монгол улсаас жил бүр 13-15 оюутан хамрагдаж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
5. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг
Япон улсын Засгийн газрын тэтгэлэг нь зөвхөн их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуулийн хүрээнд олгогддог бөгөөд cургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны зардлаас гадна сар бүрийн амжиргааны зардалд 117,000 иенийг олгодог. Мөн аль хөтөлбөрт хамрагдахаас үл шалтгаалаад Япон улсад очсоны дараагаар бэлтгэл ангид нэг жил суралцах бөгөөд хөтөлбөр тус бүрд хамаарагдах шалгалтуудад тэнцэх шаардлагыг тавьдаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
6. Чевнингийн тэтгэлэг
Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсад нэг жилийн хугацаанд магистрын зэргээр суралцах боломжтой бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Жил бүрийн сүүлийн саруудад дараагийн хичээлийн жилийн материал хүлээн авдаг энэхүү тэтгэлэг нь олон улсын харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, бизнес, эдийн засаг, инновац, хүний эрхийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудыг илүүтэйгээр дэмждэг байна. Нэлээдгүй өндөр шалгуур тавьж дэлхийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулдаг Чевнингийн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
7. Турк улсын Засгийн газрын тэтгэлэг
Туркийн 200 гаруй их сургуульд боловсролын бүхий л зэргээр сурах боломжийг олгодог Засгийн газрын тэтгэлэг нь жил бүр нэгдүгээр сарын 10-аас хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал материал хүлээж авдаг бөгөөд тэнцэгчдийн хариуг наймдугаар сарын эхээр зарладаг. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, онгоцны нэг талын тийз, амьдрах байрны төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна сар бүр амжиргааны зардлын мөнгөн тэтгэмж авах юм. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Сэтгэгдэл (1)