Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч асан Загдын Түмэнжаргал (1953-2012)-ын мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн хүрээнд хүүхдийн дууны уралдаан, эрдэм шинжилгээний хурал, зохиолын болон дурсамжийн эмхэтгэл гаргах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн төрсөн нутаг нь болох Төв аймгийн Угтаал зайдам сумын дунд сургуулийг З.Түмэнжаргал агсны нэрэмжит болгоно.
Монголын дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ. Үүнчлэн зохиол бүтээлүүд нь Орос, Хятад, Япон, Солонгос хэлээр тус тус хэвлэгджээ.
Тэрээр 1978 онд “Шинэ танил” хүүхдийн шүлгийн ном, 1977 онд “Бид”, 1979 онд “Үрийн тэнгэр” яруу найргийн эмхтгэл, 1981 онд “Арван найман нас минь” шүлгийн, 1986 онд “Голын жараахай” өгүүллэгийн, 1988 онд “Нарны хүүхдүүд” хүүхдийн шүлгийн, 1991 онд “Нисдэг алим” үлгэр-туужийн, 1994 онд “Уяхан цэнхэр хавар” дууны шүлгийн, 1997 онд “Ус мөрөн олон чиг” зэрэг шилмэл зохиолын түүвэр хэвлүүлжээ. 2004 онд “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийн 104-дүгээр ботид шилмэл бүтээлүүд нь орсон байдаг.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)