Гүрж Улсын нийслэл Тбилиси хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өндөрлөв. Манай жүдочид тус тэмцээнийг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, багийн дүнгээр 61 орноос гуравдугаарт бичигдсэн амжилттайгаар өндөрлүүлж байна. Б.Гончигсүрэн тэмцээний сүүлийн өдөр -100 кг-ын жингийн аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Илиа Суламанидзетай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл бид түүний тухай сонирхолтой таван баримтыг дэлгэж байна.
БАРИМТ 1.
Тэрбээр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулагдсан сумын заан болон цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд ГУРВАН удаа түрүүлсэн амжилтыг өнгөрсөн улиралд үзүүлсэн. Үүнээс сумын заануудын барилдаанд, нэг нь цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн амжилт юм. Эхний түрүүгээ тэрбээр 102 дахь удаагийн сумын заануудын барилдаанд хүртсэн бол сүүлийнхийг энэ сарын эхээр хүртээд байна. Тэрбээр Монголын үндэсний холбооны сар шинийн цуврал барилдааны эхнийх цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн юм. Түүнийг энэ жил аймгийн арслан цолонд хүрнэ гэж бөхийн хорхойтнууд хүлээж байгаа. Түүгээр ч зогсохгүй улсын цолонд хүрч ч болох тухай ам уралдан ярьж байна.
БАРИМТ 2.
Тэрбээр саяхан болж өнгөрсөн Тбилисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн нь түүний хоёр Их дуулга тэмцээний хоёр дахь медаль юм. Тэрбээр анх Ташкентын Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.
БАРИМТ 3.
Б.Гончигсүрэн Азийн аваргын хүрэл медальтан юм. Тэрбээр өнгөрөгч 2022 онд Казакстаны Нур-Султан хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
БАРИМТ 4.
Тэрбээр олон улсын чанартай нэгэн тэмцээнд оролцохоор хилийн чанадад очсон боловч байрлаж байсан газраасаа тэмцээн болох ордон руугаа буруу чиглэлийн автобусанд сууж, оролцож чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн удаатай гэнэ.
БАРИМТ 5.
Тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Э.Мөнхжаргалтай нэг нутаг. Тэд хоёул жүдогийн улсын аваргууд юм. Э.Мөнхжаргал нэг түрүүлж байсан бол Б.Гончигсүрэн гурван удаа аваргалж байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)