Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 24-26-ны хооронд "Их дуулга" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 61 орны эрэгтэй 221, эмэгтэй 198, нийт 419 жүдоч хүч үзэн барилдлаа.
"Тбилисийн Их дуулга-2023" тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 8 жүдоч оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү мөнгө медаль хүртсэн юм. Ё.Басхүүгийн хувьд их дуулга ангиллаас хүртэж буй 10 дахь медаль нь энэ байлаа.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр аваргын алтан медалийн эзэн боллоо. Мөн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100кг жинд барилдсан улсын гурван удаагийн аварга Б.Гончигсүрэн мөнгөн медалийн эзэн болж, эмэгтэйчүүдийн +78кг жинд барилдсан А.Адъяасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан юм.
Ингэснээр манай улс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, шагналт тавдугаар байрын амжилтаар 61 улсаас гуравдугаар байрт шалгарлаа.
Манай жүдочдын дараагийн зогсоол ирэх долоо хоногт болох "Анталяагийн Их дуулга" тэмцээн байх бөгөөд манай улс эрэгтэй 10, эмэгтэй 9, нийт 19 жүдоч мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)