Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башёгийн барилдаанууд өчигдөр өндөрлөж, манай сүмочид амжилт дүүрэн оролцлоо. Уг башёд дээд зиндаанд барилдсан Сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, озеки цол хүртсэнээр дээд зиндаанд түрүүлсэн ес дэх Монгол сүмоч болов. Мөн энэхүү амжилт нь Монголчуудын Макүчи буюу дээд зиндааны 97 дахь түрүүгээр бүртгэгджээ.
Түүнчлэн дээд зиндаанаас амжилт буурч, дэд зиндаанд барилдсан Ичиноже А.Ичинноров 14 даваа, нэг унаатайгаар тус зиндаанд хоёр дахиа түрүүлж, дараагийн Макүчи зиндаанд барилдах эрхээ авлаа. Үүний сацуу мэргэжлийн сүмогийн гараагаа энэ сард эхэлсэн Асахакүрюү Р. Жамъяантогтох жонокүчи зиндаанд долоон даваатай түрүү хүртэв. Тэрбээр Улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, Улсын гарди Д.Рагчаагийн хүү юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)