Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 3 дугаар сарын 21-ний өдөр "Төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүй" сэдэвт сургалтыг хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0151 дүгээр ангид зохион байгууллаа. Энэхүү сургалт нь цэргийн алба хаагчдад сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, зорилготой бөгөөд Хилийн цэргийн ангид анхлан зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Сургалтын хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн хошууч А.Октябрь Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон "Иргэний зөвлөл"-өөс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Тэрбээр "Зөв харилцаа-зөв хандлага" цахим нөлөөллийн аяны хүрээнд богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлж, мөр зэрэгцэн алба хааж байгаа залуу офицер, ахлагч нарт хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлэн ажиллахыг онцолсон юм.
Сургалтын төгсгөлд ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Олон Улсын харилцаа нийгмийн удирдлагын тэнхимийн дэд профессор, багш П.Мөнхтөр, Иргэний зөвлөлийн гишүүн төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат нараас бүрдсэн илтгэгчид Хилийн цэргийн алба хаагчийн ёс зүй, дархан хил дээр ажиллаж амьдран үүрэг гүйцэтгэх сэтгэл зүй, манлайллын талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, харилцан яриа өрнүүллээ.
Мөн энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барьсан ба Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэ эрдэмтэн багш, төрийн шагналт, ажлын хэсгийнхнийг сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд талархал илэрхийлж, энэхүү үнэтэй сургаалийг ажил, амьдралдаа мөрдлөг болгохыг алба хаагчдадаа уриаллаа гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.