Монгол хэл бичгийн нийслэлийн шилдэг багш, суралцагчийг шалгаруулах, монгол хэл, бичгийн заах аргын нэгдлүүдийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилго бүхий нийслэлийн монгол хэл, бичгийн багш, сурагчдын олимпиад 34 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиад нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд I шат сургуулийн хэмжээнд, II шат дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж, дүүрэгтээ эхний 9 байранд шалгарсан 6-8, 10-12 дугаар ангийн нийт 417 суралцагч, монгол хэл, бичгийн 150 багш оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдөж, шилдэгүүдээ шалгарууллаа.
Олимпиадын үеэр “Сургалтын бүтээлч орчин бүрдүүлэх арга туршлага”, “Багшийн хөгжил”, “Сургалтын технологи, арга туршлага”, “Суралцагчдын бодит чадварыг хөгжүүлэх арга зүй, туршлага”, “Мэргэжлийн бүлгээр ажиллаж буй арга туршлага” гэсэн чиглэлүүдээр нийслэлийн 154, 124, Улаанбаатар дунд сургууль, 84, 18, 52, 3 дугаар сургуулиудын монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлийн хамт олон мэргэжил нэгт багш нартаа арга туршлага, бүтээлч үйл ажиллагаагаа сурталчлан түгээлээ.
Энэ удаагийн олимпиадыг ивээн тэтгэж, хамтран ажилласан НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Ө.Шүрэнцэцэг захиралтай 15 дугаар сургуулийн удирдлагын баг, Б.Туяа ахлагчтай монгол хэл, бичгийн заах аргын нэгдлийн хамт олон болон олимпиадын засагч багшаар ажилласан нийт багш нартаа талархал илэрхийлье гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.