Энэ жилийн Олон Улсын ойн өдрийг ”Эрүүл ой - Эрүүл хүн” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн ба БОАЖЯ-ны харьяа Ойн газар “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдвийн дор VI хурлыг зохион байгууллаа.
Хурлыг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, "Ойгоо алдсанаар хөрсөө, хөрсөө алдсанаар мөнх цэвдгээ, мөнх цэвдгээ алдсанаар газрын гүний цэвэр усаа алдаж байна. Дэлхий дахинд цэвэр усны хомсдол бий болоод буй цаг үед бид цэвэр усаараа машин, гудамж талбай, цонхоо угаасаар байгаа нь харамсалтай. Үүнд тодорхой шийдэл хэрэгтэй байгаа"-г дурдаад, “Өнгөрсөн 80 жил манай орны цаг агаар 2.25 хэмээр дулаарсан. Энэ хэвээр байвал ирээдүйд 4-4.5 хэмээр дулаарах нөхцөл байдал бий болоод байна. Иймд өдөр бүр ойн өдөр гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тариад өнгөрөх бус, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон” гэдгийг онцолсон юм.
Манай Улс НҮБ-ын ХХААБ, ГОУХАН, Европын холбоотой ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах, БНСУ-тай хамтарсан “Ногоон хэрэм” төслийг үргэлжлүүлэх, аймгуудад мод үржүүлгийн газар сургалтын төв, дэд бүтцийн суурийг бий болгох, шууд хөрөнгө оруулалтаас гадна тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүний нөөцийг бэлтгэх зэргээр олон хамтрагч талтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.