Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа засуулууд мөн дуучид, уран бүтээлчдийн дунд “Цоллооч засуулуудын уралдаан” зарласан. Уг уралдаанд орон нутгаас 12, Улаанбаатар хотоос 16, нийт 28 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд уралдааны зааврыг хүргэж байна.
БӨХИЙН ЦОЛ ДУУДААЧДЫН УЛСЫН УРАЛДААНЫ ЗААВАР
Нэг. Зорилго
Энэхүү уралдааны зорилго нь соёлын өв, бөх цоллох эрдмийг эзэмшүүлэх, өвлүүлэн хөгжүүлэх, хот хөдөөгийн цоллогч засуулуудын эгнээг өргөтгөх, бөх цоллогчдыг алдаршуулан сурталчлахад оршино.
Хоёр. Зохион байгуулах аргачлал
2.1 Уралдаанд эрүүл мэнд хэвийн, хараа хурц, зохих боловсролтой, цаашид олон жил бөхийн засуул хийж, цол дуудах ирээдүйтэй, цээл сайхан хоолойтой 20-60 насны уран бүтээлчид, сонирхогчидоролцоно.
2.2 Уралдааныг хоёр үе шаттай явуулна.
Эхний шатанд:
Бүртгүүлсэн оролцогчдыг тавдугаар сарын 19-ны Баасан гарагийн 16:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд ирүүлж, цол дуудуулан, бусад үзүүлэлтээр шалгаж, зургаан цоллоочийг шалгаруулна.
Хоёрдугаар шат:
Эхний шалгаруулалтаар тэнцсэн оролцогчдыг тавдугаар сарын 20-ны Бямба гарагт болох “Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан”-д цол дуудуулан, бөхийн цол дуудах намба төрх, үг хэллэг, хоолойн цараа, өнгө аялгууг харгалзан эхний зургаан байрыг эзлүүлнэ.
2.3 Шалгаруулалтын шат бүрд МҮБХ-ноос томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөл ажиллан, оноо өгч шалгаруулна.
Гурав. Уралдааны хугацаа
3.1 Уралдаанд оролцох уран бүтээлч болон сонирхогчид 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл өөрийн товч танилцуулга, 3*4 хэмжээтэй цээж, 8*15 хэмжээтэй бүтэн зургийн хамт МҮБХ-ны бичиг хэргийн ажилтанд ирүүлж бүртгүүлнэ. Мөн mubh.2021@gmail.com хаягаар илгээж болно. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.
3.2 Эхний шатнаас шалгарсан зургаан цоллоочийг тавдугаар сарын 20-нд 12:00 цагаас болох сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд засуулаар ажиллуулан гурав, тавын даваанд цол дуудуулж шалгаруулна.
Дөрөв. Шагнал, урамшуулал
4.1 Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг
Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг
Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг
Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг
Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг
Зургадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг